Бид Хүн бүр тэгш чанартай боловсрол эзэмших эрхээр хангагдсан байна хэмээх тэргүүн зорилтын хүрээнд тэр дундаа төсөлд
хамрагдаж буй хүүхдүүдийн албан бус, насан туршийн боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх замаар тэдний хувь хүний
хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэхүү зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр бүр
Хүүхэд хөгжлийн төвөөр дамжуулан сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр
нөлөөтэй өнгөрөөхөд дэмжин ажиллаж байна. Мөн үүнээс гадна, боловсролын байгууллагын чанарыг сайжруулахад дэмжлэг
үзүүлэх, багш чадавхжуулах, төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн сургууль завсардалтыг багасгах үүднээс хичээлийн
хэрэгсэл, тэтгэлэг зэрэг шууд тусламж, дэмжлэгийг үзүүлж байна.
Хүүхэд хөгжлийн төв
Гүүд Нэйборс Монгол байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр бүр дэргэдээ Хүүхэд хөгжлийн төвийг ажиллуулдаг.
Уг төв нь орон нутгийн хүүхдүүдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэдний хувь хүний хөгжлийг дэмжих
зорилготой сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхийн сацуу мэргэжлийн багш нараар дамжуулан уг сургалтыг
хүргэдэгээрээ онцлогтой.
- Гадаад хэл
- Гар урлал
- Гитар
- Гар бөмбөг
- Жүжгийн сургалт
Зуны СӨБ хөтөлбөр
Жил бүр 6 настнуудад зориулан тэдний суралцах болон нийгэмшихүйн чадварыг дэмжих, цаашлаад сургуульд дасан зохицох
чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зуны бэлтгэл сургалтыг зохион байгуулдаг.
Жилд дунджаар 300 орчим хүүхдүүд уг хөтөлбөрт хамрагддаг бөгөөд 60 цагийн хичээлийг дараах агуулгын дагуу бэлтгэн
хэрэгжүүлж байна.
- Зөв суух, зурлага зурах, гар зүгшрүүлэх дадалд суралцах
- Үлгэрээр дамжуулан сонсох ярих чадварыг хөгжүүлэх
- Дуу шүлгийн утгыг ойлгож тогтоох чадвараа хөгжүүлэх
- Эцэг эх, багш, үе тэнгийн нөхөд болон бусад хүнтэй харилцах дадалд суралцах
- Зүй тогтол ба түүний утгыг олох чадварт суралцах
- Гарын ариун цэвэр, амны хөндий, замын хөдөлгөөний дүрэм зэрэг амьдралд хэрэгтэй бусад чадваруудыг дэмжих
Суралцах орчин сайжруулах төсөл
Хүүхэд бүрт суралцах таатай орчинг бүрдүүлснээр боловсролын чанарыг сайжруулах зорилгоор урт, богино хугацааны
тусгай төслүүдийг хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн байрны өргөтгөл, ЕБС-ийн ариун цэврийн өрөөг стандартын дагуу
шинэчлэн засварлах, мэдээлэл зүйн танхим, номын сан тохижуулах гэх мэт хүүхдийн эрүүл, таатай нөхцөлд суралцах
орчныг бүрдүүлэх төслүүдийг жил бүр хэрэгжүүлж байна.
Номын сан
Олон улсын стандартад зааснаар 100 мянган хүн тутамд нэг нийтийн номын сан байх ёстой байдаг. Ном унших нь
хүүхдийг цэгцтэй сэтгэх, өргөн цар хүрээний мэдлэгтэй болгоход чухал ач холбогдолтой билээ. Нийслэлийн 6 дүүрэг,
Дархан-Уул аймагт байрлах Гүүд Нэйборс Хүүхэд Хөгжлийн Төвийн дэргэдэх номын сангууд нь 1,200~6,000 номын
цуглуулгатай бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиолын номноос эхлээд бага дунд ангийн сурах бичгүүд
байгаа нь гэр хорооллын хүүхдүүдийн чөлөөт цагаараа номтой нөхөрлөх, хичээлээ давтах боломжтой орчныг
бүрдүүлснээрээ онцлог юм. Түүнчлэн гадаад хэл сонирхдог хүүхэд, залуучуудад зориулсан Солонгос, Англи хэл дээрх
ном, кино, аудио сонсголын олон материал багтсан байна.
Ботгохон номын сан
Гэр хорооллын хүүхдүүдэд хүрч үйлчлэх зорилгоор 1,200 номын фондтой "Ботгохон" явуулын номын сан зорилтот
хороодод хүрч үйлчилж, өдөртөө 50-60 хүүхдийг хүлээн авч номын ертөнцөөр аялуулж байна.
Номын сан Бичил төсөл
Сургуулийн номын сангийн хүрэлцээ, номын фонтыг нэмэгдүүлэх зорилгоор "Мөрөөдлийн номын сан" бичил
төслийг хэрэгжүүлж сурагчдын хэрэгцээ шаардлага, стандартад нийцсэн номын сангаар үйлчлүүлэх боломжтой болж
байна.