Хүүхдийн Эрхийн сургалт
Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газартай Хүүхдийн эрх,
хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хүүхэд, эцэг эхчүүдийн хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа дарамт, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах талаарх мэдлэг ойлголт болон эцэг
эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг нэмэгдүүлэх зорилготой хүүхдийн эрхийн сургалтыг 2011 оноос хойш
хэрэгжүүлж ирлээ.
2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 253 сургууль, 267 цэцэрлэг, 22 МСҮТ, 9
асрамжийн газар, 7 хүүхэд хөгжлийн төв, 5 Насан туршийн боловсролын газар, 5 цэргийн анги, 42 хороо, 26 төрийн
байгууллага, 9 ТББ, 4 Их, дээд сургууль, 11 аж ахуй нэгж компанид 13,300 удаагийн сургалт зохион байгуулж, нийт
419,638 хүүхэд, эцэг эх, багш нарыг сургалтандаа хамруулаад байна.
Хүүхдийн зөвлөл
Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 8 Орон
нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэргэд ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ /Хүүхдийн оролцооны байгууллага/-ийг байгуулан 120 гаруй
гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн зөвлөлийн гишүүд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлж,
бүтээлчээр сэтгэн, өөрсдийн санаачлагаар хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжсэн бичил төсөл, өдөрлөг, кампанит
ажлуудыг амжилттай зохион байгуулж байна. Хүүхдүүд багаар ажиллах, хэлэлцэж шийдвэр гаргах, бусдыгаа сонсох болон
хүндлэх зэргээр олон талын чадвар эзэмшиж байгаа төдийгүй бусдад эерэгээр нөлөөлөх арга аргачлалд суралцсаар байна.
Хүүхдийн Эрхийн клуб
Хүүхдийн Эрхийн Клуб нь хүүхдийн оролцоог дэмжин, чадавхжуулж сургуулийн орчин дахь хүүхэд – хүүхдийн хоорондын
харилцааны зөрчил, үе тэнгийнхний дарамтыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой хүүхдийн оролцооны
байгууллага юм.
Одоогоор Нийслэл, Дархан-Уул болон Өмнөговь аймгийн нийт 30 ерөнхий боловсролын сургууль дээр Хүүхдийн Эрхийн
Клубыг байгуулан 6-9 ангийн 1,300 гаруй гишүүнтэйгээр ажиллаж байна. Хүүхдийн Эрхийн Клуб нь хүүхдийн эрх,
хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, хурал, зуны зуслан хөтөлбөр, сурагч солилцооны
хөтөлбөр, бичил төслийн уралдаан, ТВ болон радио нэвтрүүлэгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх, үзэсгэлэн,
нөлөөллийн ажил зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, оролцож, олон нийт болон шийдвэр гаргах түвшинд үе
тэнгийнхэнийхээ дуу хоолой болж, чадаварлаг, удаан хугацаанд оршин тогтнох боломжтой хүүхдийн оролцооны
байгууллагын жишээ болж байна.
Хүүхдийн Эрхийн нөлөөллийн ажил
Хүүхдийн эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын
мэдээллийн системийг сайжруулах зорилтыг хүрээнд хүүхдийн эрхийн нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн
эрх хамгааллын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хуулийн хэрэгжилт
болон олон нийтийн санал санаачилгыг төрийн бодлогод тусгахад дэмжлэг үзүүлэх, олон нийтийн ойлголт хандлагад
нөлөөлөх арга зүйг боловсруулах, зохион байгуулах зорилтын дагуу МУ-ын Засгийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын
Хөгжлийн Газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинг ашиглан хүүхдийн эрхийн боловсролыг дэмжих, насанд хүрэгчдийн,
ялангуяа хүүхдийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдын хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх
ойлголт мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж ирсэн төдийгүй төрийн бодлого тогтолцоо болон олон нийтийн ойлголт,
хандлагад нөлөөлөх кампанит ажлууд, аян, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт судалгаа,
хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2015 оноос эхлэн жил бүр Олон улсын "Хүүхдийн эрхийг
хамгаалах өдөр"-өөр хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, хүүхэд, эцэг эхчүүдэд хүүхдийн эрхийн тухай ойлголт, мэдээлэл
өгч, гэр бүлийн сайхан дурсамж үлдээх, хүүхдийн эрхэд ээлтэй нийгмийг бүтээхэд уриалах зорилгоор кампанит ажлыг
зохион байгуулж байна. Мөн Дэлхийн "Хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр"-өөр хүүхдийн эсрэг үйлдэгдэж
байгаа хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлж, бууруулахад оюутан сурагчид, багш, судлаачдын санал,
шийдлийг сонсох, олон нийтэд хүргэх, энэ талаарх судалгаа, шинжилгээний бүтээлийг дэмжих зорилгоор эсээ бичлэг,
эрдэм шинжилгээний бага хурлыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирлээ.