Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх аяны мэдээ
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас дэлхийг хамарсан Ковид-19 халдварын тархалтын үеийн хорио цээрийн улмаас тусламж шаардлагатай 6,500 өрхөд 195,000,000 (USD 70,000) төгрөгийн өртөг бүхий хүнс, эрүүл ахуйн багц тараах хүмүүнлэгийн тусламжийн аяныг өрнүүлж байна.
Өнгөрсөн 3 сарын хугацаанд Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр болох үүднээс дүүрэг, хороодын онцгой байдлын хэлтэс болон эрүүл мэндийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, маск зэрэг дэмжлэг үзүүлэхээс гадна иргэдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилласан бол энэ удаад дэлхий дахинд цар тахалын тархалтын байдал хурцдаж, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаа улам буурч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн яаралтай тусламжийг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Гүүд нэйборс Монгол нь Нийслэлийн 6 дүүрэг, Дархан-Уул аймаг дахь салбар, төвөөр дамжуулан дэлхийг хамарсан цар тахлын эсрэг Хүмүүнлэгийн багцад хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, гар ариутгагч, амны хаалт гэх мэт өрхийн хэрэглээний бүтээгдэхүүний багцыг бэлтгэн хүргэж байна. Түүнчлэн жижиг дунд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн оёдлын бүл, хоршоодод 26000 ширхэг даавуун амны хаалтыг захиалан хийлгэлээ.
Тус хүмүүнлэгийн тусламжийг ОБЕГ-ын зөвшөөрлийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг чандлан мөрдөж, 4 сарын 23-аас 5-р сарын 14 хооронд гүйцэтгэхээр Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын 100 гаруй ажилтнууд нэгдэн ажиллаж байна.
Түүнчлэн Гүүд Нэйборс ОУТББ нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй өрхүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг хүргэх зорилгоор хандивын цахим аяныг өрнүүлж, иргэдийг өөрсдийн болон бусдын нэгдэхийг уриалж байна.
*Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 35 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын тусламжийн Төрийн Бус Байгууллага юм.