한국어

"ШИДЭТ ТОЛЬ” ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВИЙГ ГБХЗХГ-ТАЙ ХАМТРАН БАЙГУУЛЛАА

2018.01.05

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан өнгөрсөн оны 6 сараас эхлэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон ЗГХА ГБХЗХГ-тай хамтран хэрэгжүүллээ. Уг төслөөр 21 аймаг, 9 дүүрэг болон нийслэлийн иргэний хэргийн 40 шүүгч, 50 эвлэрүүлэн зуучлагч, 55 гэр бүлийн мэргэжилтнүүд нийт 5 өдрийн 61 цагийн чадавхжуулах сургалтанд хамрагдсан юм.

Энэхүү төслийн хүрээнд сэтгэл зүйч, гэр бүлтэй ажиллаж буй мэргэжилтнүүдийн өмнө хамгийн ихээр тулгамддаг мэргэжлийн үйлчилгээ, засал, зөвлөгөө өгөх боломжтой өрөөг тохижуулан өнөөдөр ГБХЗХГ-т хүлээлгэн өглөө. Тус төвийн нээлтэнд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол, ХНХЯ-ны Хүүхэд, Залуучууд, Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсийн дарга Н.Баярмаа, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Гэр Бүлийн Хөгжлийн Газрын дарга Н.Өлзийхутаг нар оролцон үг хэллээ.
Тус төв нь дотроо тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн 3 өрөөнөөс бүрдсэн. Тоглоомын өрөөг хүүхдийн сэтгэл зүйд зориулан, илүү тайван байх боломжийг бүрдүүлэхийг хичээн ажиллалаа. Мөн ганцаарчилсан ярилцлагын өрөөнд хүүхэд эсвэл эцэг, эх нь тусдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах боломжтой юм. Ажиглалтын өрөөнөөс хүүхдийн тоглоомын өрөөг ажиглах шидэт толийг байрлуулсан бөгөөд хүүхдийн тоглож байх үйл явцыг ажиглан, мөн эцэг эхтэйгээ хэрхэн харилцаатай байгаа, ээнэгшил, дасан зохицлыг судлах мэргэжлийн дүгнэлт бичих боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Энэхүү өрөөнд олон хүүхэд, гэр бүл үйлчлүүлж, хүүхэд бүр, хүн бүр өөрсдийн үнэ цэнээ мэдэрч тайтгаран, мэргэжилтнүүд тэдэнд хэрэгцээтэй тусламж, дэмжлэгийг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.
Хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил бүхэн дэлгэрэх болтугай!